Skip to content

Embassy of Mongolia

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
VIII. Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал PDF Хэвлэх И-мэйл

VIII. МОНГОЛ СОЁЛ ИРГЭНШЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

44.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал гэж монгол түмэн, монгол төр оршин тогтнож, хөгжихийн үндэс болсон үндэсний хэл бичиг, түүх, соёл, зан заншил хадгалагдах, монгол хүн ард үүрд оршин амьдрах нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.

45.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ гадаад улс, хүчнүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бодлогын улмаас монгол соёл иргэншлийн өвөрмөц дүр төрх бүдгэрч бусдад уусч болох нөхцөл бүрдэх;

2/ үндсэрхэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, фашизм зэрэг хүмүүлэг бус үзэл суртал, шашин харгис номлолыг сурталчлах, хүчирхийлэл, аллага хядлага, садар самууныг сурталчлагч зүйлсийг ямарваа хяналтгүйгээр дэлгэрүүлэх.

46.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ монгол соёл иргэншлийнхээ түүхэн уламжлалыг хэт дөвийлгөн үнэлж, бусад ард түмний соёлыг үл тоомсорлох, алсдаа улс үндэстний хувьд жожигрон ганцаардах;

2/ бусад ард түмний соёл иргэншлийг хэт дөвийлгөн сохроор хуулбарлах буюу зах зээлийн эдийн засгийн болон орчин үеийн шинжлэх ухаан-техникийн дэвшлийн сөрөг үр дагавараас сэргийлэх бодлого алдагдах;

3/ гадаад, дотоод байдлын улмаас нийгэмд оюуны хоосон зай үүсэх, нийгэм оюуны хоосролд орох;

4/ түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гарах.

47.Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ нүүдлийн соёл иргэншлийнхээ язгуур шинжүүдийг бататган баяжуулж, дэлгэрүүлэх идэвхтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх. Аж ахуйн монгол иргэншил, монгол төрт ёс, эдийн болон оюуны соёл, зан заншлынхаа үнэ цэнэтэй, дэвшилттэй бүхнийг өвлөн авч, нийт хүн төрөлхтний соёлын дээжистэй зүй зохистойгоор хослуулан хөгжүүлэх;

2/ уйгаржин болон кирилл монгол бичгээ уламжлан эзэмших замаар монгол хэл бичгээ зүй тогтлын нь дагуу төгөлдөржүүлэх;

3/ соён гэгээрүүлэх монгол уламжлал, хүн төрөлхтний орчин цагийн жишигт нийцсэн боловсролын тогтолцоог бүрдүүлж, үндэснийхээ оюуны чадавхийг хамгаалан бэхжүүлэх;

4/ ард түмнийхээ түүх, соёлын өв уламжлал, сэтгэлгээ, зан заншил, эх орныхоо байгалийг танин мэдэх нөхцөлийг бүрдүүлэх, эх орноороо бахархах, нэр төрийг нь бүхнээс эрхэмлэх сэтгэлийг хүн бүрд, ялангуяа залуу үедээ төлөвшүүлэх, Монголын түүх, шашин, соёлын судалгаа, сургалт, сурталчилгааны ажлыг төрийн байнгын анхааралд байлган дэмжих;

5/ монгол соёл иргэншлийн дурсгалт зүйлсийг сурвалжлан олох, хамгаалах, бүрдүүлэх, эх орондоо эгүүлэн залах, сэргээн босгох бодлого явуулах. Түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гарахаас сэрэмжлэх;

6/ монгол хүний онгон байгальдаа зохицон аж төрөх эрдэм чадвар, арга билгийг хослон барилдуулагч ухаан, төрт ёс, эрдэм билгийг дээдлэх ёс, хамтач чанарыг эрхэмлэн хадгалж үлдэх;

7/ аж ахуйн монгол иргэншлийн өвөрмөц арга технологи, үндэсний соёл урлагийн өв уламжлалыг сэргээн хадгалах, тэдгээрийг туурвин бүтээгчдийн урын санг хамгаалах;

8/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хүндэтгэж, шашин-сүм хийдийн дотоод хэрэгт төрөөс үл оролцон, жаяг номын нь дагуу чөлөөтэй явуулах. Сүм хийдийн тоо, байршил, лам санваартан нарын үнэмлэхүй тоог төрийн хяналтад байлгах;

9/ шашин хоорондын харилцааны асуудлыг төрийн онцгой анхааралд байлгаж, хямрал мөргөлдөөнөөс сэргийлэх. Аливаа сүм хийдийн үйл ажиллагааг үндэсний соёл иргэншилд хор хохирол үл учруулах хэмжээнд хууль зүйн хүрээнд байлгах;

10/ дэлхийн олон оронд тархан суусан монголчуудтай холбоо харилцаагаа өргөжүүлж монгол соёл иргэншлээ хадгалж хөгжүүлэхэд нь тэдэнд туслах. Монгол Улс нь монголчуудын гал голомт мөн бөгөөд Монгол орноо хөгжүүлэх гэсэн тэдний эрмэлзлийг дэмжих чиглэл баримтлахын зэрэгцээ уг харилцаанд улс төрийн аливаа утга агуулга оруулахаас онцлон сэрэмжлэх;

11/ Монголын ард түмний эв нэгдэл, хүн ардын ёс суртахуун, сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, фашизм зэрэг хүмүүнлэг бус үзэл номлол дэлгэрэхээс сэргэмжлэн, хүчрхийлэл, аллага хядлага, дайн, садар самуун зэрэг бусармаг явдлыг ямар нэгэн байдлаар "сурталчлагч" зүйлсийг зөвхөн хууль зүйн хүрээнд тусгай журмын дагуу үзүүлдэг, хэвлэн нийтэлдэг, түгээдэг байх.

 

Холбогдох

Хаяг:
Embassy of Mongolia
151 Slater Street,Suite 503 Ottawa, Canada
ON K1P 5H3

И-мэйл: ottawa@mfat.gov.mn
Утас: 1-613-569-3830
Факс: 1-613-569-3916

Хайлт